Халимуудын хөдөлгөөнийг ажихуй
Зах зээлийн ирээдүйн хөдөлгөөнийг таамаглахын тулд бид янз бүрийн индикатор, паттерн, тренд, фибоначи гэх зэрэг хэрэгслүүдийг ашигладаг билээ. Гэвч крипто зах зээл дээр эдгээр аргуудыг ашиглах нь зарим тохиолдолд хангалттай биш байдаг. Тэгэхээр энэ удаагийн дугаараар хамгийн энгийн аргуудын нэг болох “Халимуудын хөдөлгөөн”-ий талаар тайлбарлаж өгье.
Халим гэж хэн бэ?
Крипто зах зээлийг далай гэж төсөөлөхийн бол маш их хэмжээний, бүр “маааш их” койн эзэмшдэг хүмүүсийг халимууд гэнэ. Харин бид бол зах хязгаар нь үл үзэгдэх далайн өчүүхэн жараахай, жижиг загаснууд билээ.
Халим гэж яаж мэдэх вэ?
Бид Blockchain explorer дээрээс бүх гүйлгээнүүдийг харах боломжтойгоос гадна аль хэтэвч хэдэн койн хадгалж байгаа зэргийг хүртэл мэдэж болно.
Шинэ төсөл сонгоод ямар хүмүүс тухайн койныг эзэмшиж байгааг судлахад цөөхөн хэдэн хэтэвч дээр ихэнх койн нь төвлөрсөн байвал авахад хэтэрхий эрсдэлтэй гэж үзэж болох юм. Яагаад гэвэл тэдгээр эзэмшигчдийн нэг нь өөрийн койноо зарчихвал ханш унаж бид хохирох аюултай. Тиймээс койн эзэмшигчдийн тоо олон, жигд тархсан байгаа эсэхийг заавал шалгаж үзэх нь зүйтэй.
Халимууд койноо хаана хадгалж байна вэ?
Хэтэвч дотроо
Бирж дээр
Хэрвээ халимууд койноо хэтэвчиндээ хадгалж байвал койноо зарах бодолгүй урт хугацаандаа барихаар төлөвлөж байна гэсэн үг. Нэг ёсондоо зах зээлд их хэмжээний нийлүүлэлт орж ирэхгүй.
Харин бирж дээр хадгалж байвал койноо зарахаар бэлдэж байж магадгүй юм. Мэдээж энэ бол койны ханшинд сөрөг нөлөө үзүүлж ханшийг унагах аюултай.
Халимнууд койноо хаашаа шилжүүлж байна вэ?
Хэтэвчнээс бирж рүү
Бирж рүү койноо шилжүүлж зарахаар бэлдэж байх магадлалтай. Халимууд мөнхөд койноо хадгална гэж байхгүй. Хэзээ нэгэн цагт ашгаа авахаар зарах л болно. Яг тэр үеийг нь бид барьж авснаар ханшийн уналтаас хамгаалах боломжтой билээ.
Биржээс хэтэвч рүү
"Хэтэвчиндээ койноо хадгална” гэдэг нь урт хугацаандаа барихаар төлөвлөж зарах бодолгүй байна. Ингэснээр нийлүүлэлт багасаж тухайн койны ханш өсөх магадлалтай.
Гэхдээ дээрх 2 тохиолдол дээр "Stable coin"-ий гүйлгээ хийгдэхэд эсрэгээрээ болон хувирах болно. Жишээ нь бирж рүү их хэмжээний USDT, USDC шилжвэл халимууд койн худалдан авахаар шийдсэн байж болно. Харин "Stable coin"-оо хэтэвч рүүгээ шилжүүлж байвал зах зээлийн уналтаас сэргийлж байх магадлалтай учраас Stable coin уу, Altcoin уу эсвэл Bitcoin уу гэдгээс гаргах дүгнэлтүүд өөрчлөгдөнө.
Биржээс бирж рүү
"Халимууд биржүүд дээрх ханшийн зөрүүнээс ашиг хийхээр төлөвлөжээ" гэж ойлгоно. Доорх зургаас харахад бирж бүр дээр койны ханш өөр өөр байна.
Магадгүй танд зөрүү нь бага мэт санагдаж байгаа байх. Гэхдээ халимнууд хэдэн зуун сая доллараар нь шилжүүлдэг болохоор энэ өчүүхэн тоо маш их хэмжээний зөрүү болон хувирдаг.
Хэтэвчнээс хэтэвч рүү
Ихэнх халимууд бирж дээр койноо зардаггүй. Учир нь зах зээл дээр тийм их мөнгөний хөрвөх чадвар байдаггүйтэй холбоотой. Мөн захиалга биелсэн ч ханш унах эрсдэлтэй байдаг. Тиймээс халимууд биржтэй эсвэл крипто костодиантай шууд үнээ тохиролцон арилжаа хийдэг. Үүнийг "Over The Counter" буюу "OTC" гэж товчилно. OTC-ийг уламжлалт зах зээл дээрх багцын арилжаатай төстэй гэж ойлгож болно.
Хир их хэмжээний мөнгийг халимын хөдөлгөөн гэх вэ?
Сая доллар шилжүүлснийг халим койноо шилжүүллээ гэх үү эсвэл хэдэн зуун сая долларын койн шилжвэл халим хөдөллөө гэх үү? Үнэнийг хэлэхэд аль нь ч байж болно. Гэхдээ энэ бүхэн "Зах зээлийн гүн (market depth)" гэх хэмжигдэхүүнээс хамаарна. "Зах зээлийн гүн" ханшийг өсгөх эсвэл унагахад хир их хэмжээний мөнгө хэрэгтэйг харуулдаг. Үүнийг бид Coingecko эсвэл CoinMarketCap-аас харж болно. Жишээ нь Binance дээр Ethereum-ийг 2% өсгөхийн тулд 46 сая доллар хэрэгтэй гэсэн үг.
Хэрвээ 10 сая доллар бирж рүү орж ирлээ гэхэд market depth нь 40сая байгаа учраас ханшийг тэгж их хөдөлгөж чадахгүй.
Үүнээс гадна
Удаан хугацаанд HODL хийж байсан халим койноо хөдөлгөөд эхэлбэл зах зээлд илүү хүчтэй нөлөө үзүүлнэ.
Асар их хэмжээний койнтой хөх халим, жижиг бөгтөр халимын хөдөлгөөн хүртэл өөр өөрөөр үйлчилнэ.
Магадгүй тухайн төслийн санаачлагч Founder койноо бирж рүү шилжүүлбэл зах зээл улаанаар эргэх эрсдэлтэй.
Хэрвээ та Ethereum хадгалдаг бол Ethereum-ийн санаачлагч Vitalik Buterin-ийн хэтэвчийг ажиглаж болох юм.
Нуурын усыг ширгээж, тэнгисийн усыг цалгиулах чадалтай халимууд, мөн түүний шилжих хөдөлгөөний талаар тайлбарлалаа. Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш зөвхөн уншигч таны боловсролд зориулсан гэдгийг санаарай. Танд амжилт хүсье.